Template
Template Template
Template Tuesday, 21 May 2013 Template

Улаанбаатарт

 
Template
ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАНЫГ МАЛТАЙ ЧИНЬ ХАМТ “ТЭЖЭЭНЭ” PDF Хэвлэ Имэйл
Бичсэн: Nyamaa   
Sunday, 26 April 2009

ТЭЖЭЭЛИЙН УРГАМАЛ ТАНЫГ МАЛТАЙ ЧИНЬ ХАМТ “ТЭЖЭЭНЭ”

 

Царгасыг жилд хоёр удаа хадаж, малынхаа жинг хэд дахин илүү нэмэх боломжтой

 Засгийн газар ОХУ-аас 300 сая ам.долларын хөнгөлттэй зээл авч ХАА-д зориулах болсон. Энэ бол бага мөнгө биш. Тэртэй тэргүй эдийн засгийн байдал хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд бидэнд нэн хэрэгтэй мөнгө. Энэхүү хөнгөлттэй зээлээр эрчимжсэн, фермерийн аж ахуй байгуулахыг дэмжих юм. Нэгэнт хүчээ аваад буй энэ төрлийн аж ахуйд тэжээл бас хэрэгтэй. Фермерүүд, малчид ч энэ шаардлагыг ойлгож байна. Тиймээс тэжээлийн ургамал тариалах сонирхол хаа сайгүй их болжээ. Бид тэжээлийн ургамал, тэр дундаа царгасыг хэрхэн тариалах талаар доктор Ш.Батсүхийн бэлтгэсэн материалыг нийтэлж байна. Ш.Батсүх- Доктор/Ph/,МААЭШХ.  Монгол орон 1986-1990 онд жилд дундчаар бараг 1,0 сая тонн тэжээлийн нэгжтэй тэнцэх тэжээл бэлтгэж байв /1-р хүснэгт/,Бэлтгэсэн тэжээлийн хэмжээ 1990 оноос хойш жилээс жилд багассаар 2001 онд 357,4 мянган тонн тэжээлийн нэгж болтлоо унав. Ерэн оныхоос даруй 2,7 дахин багассан гэсэн үг. Нэг хонин  толгойд жилд дундчаар 5 тэжээлийн нэгж буюу 11,1 кг өвстэй тэнцэх тэжээл ногдож байгаа нь урьд хүрсэн төвшингөөс хол ухарчээ. Үүний зэрэгцээ тэжээлийн бүтэц, төрөл, тэдгээрийн нийт тэжээлд эзлэх хувийн жин ихээхэн өөрчлөгджээ. Манай улс 1986-1990 онд дундчаар 117,0 мянган га-д тэжээлийн ургамал, 26 мянган га-д даршны ургамал тариалж байв. Гэтэл 2000 онд дээрх хэмжээ таримал тэжээлд 78-116 дахин, даршинд 55 дахин буурч, газар тариалангийн дайвар бүтээгдэхүүн болох сүрлийг тэжээлд ашиглаж байсан хэмжээ 7,1 дахин багасчээ.   2000 оноос хойш дээрх үзүүлэлт жаахан сэргэж байгаа нь  сүүлийн жилүүдийн ган, зудын сургамж хэмээн дүгнэж болох юм.  Гэтэл бид 1990 онд 25 хүрэхгүй шахам сая толгой малтай байсан бол 2008 онд 43 сая толгойд хүрээд байна. Гэтэл бэлчээр нутаг, түүнээс ашиглаж байгаа ургац хасагдсан уу гэхээс нэмэгдээгүй билээ. Иймд манай малчид мал сүргээ байгалийн гамшгаас хамгаалахын тулд төрөл бүрийн чанартай тэжээл бэлтгэж сурах хэрэгтэй. Тэгээд ч эрчимжсэн, фермерийн аж ахуйг төр, засгаас бодлогоор дэмжиж байна.Таримал  тэжээл бэлтгэх зориулалттай тэжээлийн олон аж ахуйг хувьчлах нэрийдлээр устгаж, үйлдвэрлэлийн чиглэлийг өөрчилсний улмаас таримал тэжээл үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурсан юм. “Урьд нь ажиллаж байсан тэжээлийн 13 аж ахуй, 27 үйлдвэр, 290 гаруй цех устаж, тэжээлийн ургамал тариалах ажил үндсэндээ орхигдсон…”-ыг баримт бичигт тэмдэглэсэн байна. Миний мэдэхээр Хархираагийн мөнх цасны усаар тэжээгдэж, 2020 га талбайг өөрийн даралтаар усжуулах чадвартай хамгийн сүүлийн үеийн “Фергат” маркийн услалтын системтэй Увс аймгийн Хархираагийн ТАА нь жилд 1000 гаруй га-д  тэжээлийн нэг, олон наст ургамал тариалж 1-2 удаа ургац хураах замаар 5-6 мянган тонн таримал тэжээл бэлтгэж баруун гурван аймгийн жилийн хэрэгцээг бүрэн хангаж байлаа. Мөн дээрхи систем бүхий Сэлэнгэ аймгийн Цагаантолгой, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Өвөрхангай аймгийн Хархорин зэрэг олон мянган га-гийн услалтын систем нэг үе бараг устаад зарим нь сүүлийн жилүүдэд эргэн сэргэх хандлагатай  байгаад талархаж байна.“Царгас” гэж малын тэжээлийн гайхамшигт ургамалтай өөрийн ажил амьдралаа холбосны хувьд энэ тухай малчид, фермерүүдэд дахин өгүүлэх гэсэн юм. Царгасыг бусад тарималтай харьцуулахад  гайхамшигтай гэж болох үндсэн хоёр шинж чанар бий. Нэгдүгээрт, царгас нь малын тэжээлийн гойд сайн ургамалд тооцогддог. Цэцэглэлтийн үе шатанд  технологийн дагуу зөв хадаж бэлтгэсэн царгасны өвс өөрийн найрлагадаа их хэмжээний уураг, эрдэс бодис, витамин агуулдаг. Тухайлбал 1 кг царгасны өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм.  Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг. Түүнчлэн царгасны өвс шимт чанараараа байгалийн хадлангаас 3-4 дахин, ногоон тэжээлээс 2-3 дахин илүү. Хоёрдугаарт, Аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм. Тухайлбал, царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагддаг байна. Энэ нь 1 га талбайг 4-5 цн азотын бордоо буюу 30-50 тонн бууцаар бордсонтой тэнцэх хэмжээ юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин  нэмэгдэж хөрсний бүтэц бүрэлдэхүүн эрс сайжирна. Дээрх талбайд тариалсан үр тариа, төмс, хүнсний ногооны ургац 1,5-2,0 дахин нэмэгдэж байлаа. Иймд манай малчид, фермерүүд царгасыг өргөнөөр тариалж бага талбайгаас чанар сайтай их тэжээл бэлтгэж мал сүргээ байгалийн гамшгаас найдвартай хамгаалахыг зөвлөж байна. Талбайг сонгох, бэлтгэх: Царгас тариалах сонирхолтой  аж ахуйн нэгж буюу хувь хүн Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу тухайн газрыг бүрэн эзэмших, ашиглах, түрээслэх эрхтэй байх. Түүнчлэн уг газрын  хөрс нь үржил шим сайтай, услах боломжтой газрыг эхний ээлжинд сонгон авах хэрэгтэй. Хөрс боловсруулалт:  Царгасны үр жижиг, гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй  тул анхны жил удаан  ургаж хог ургамалд нэрвэгдэхдээ хялбар байдаг. Иймд царгас тариалах талбайг маш  сайн боловсруулсан байх шаардлагатай. Өмнөх жил нь уриншилсан буюу цэвдэгшээр хагалсан, эсвэл хавар эрт үндсэн боловсруулалт чанар сайтай хийгдсэн талбай байх хэрэгтэй.  Уринш ба цэвдэгшээр боловсруулсан талбайг дараа жилийн хавар эрт, чийг хаах зорилгоор борнойдож, дараагаар нь шууд залгуулан булдах хэрэгтэй. Энэ нь талбайг тэгшлэхийн зэрэгцээ чийгийн алдагдлыг багасгаж хог ургамлын ургалтыг түргэсгэж өгнө. Тарихын өмнө заавал дахин борнойдож тариалалтын дараа булдах  шаардлагатай. Тариалах хугацаа: 1980-1990 онуудад манай эрдэмтдийн тогтоосноор царгасыг зуны бороо угтуулан зургадугаар сарын 15-25-ны хооронд тариалах нь тохиромжтой гэж тогтоосон байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн байгаль, цаг уурын дулааралттай холбоотойгоор зуны 6, 7 дугаар саруудад унах хур тундасны хэмжээ  эрс багасч,  таримал ургамлын  өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлөх болов. Иймд царгасыг аль болох усалгаатай нөхцөлд тариалах шаардлагатай. Байгаль цаг уурын дээрхи нөхцлөөс  хамааран бидний хийсэн ажиглалтаар сүүлийн жилүүдэд  ойт хээрийн бүст усалгаатай, усалгаагүй аль ч нөхцөлд царгасыг хавар,   хөрсний чийг хангалтай үед тариалах нь ашигтай болох нь  ажиглагдав. Тарих үрийг сонгох,үрлэх  норм: Манай эрдэмтдийн судлан тогтоосноор царгасыг дангаар тэжээлд зориулан 10-12 кг/га нормоор тариална.  Энд нэг зүйлийг анхааруулахад стандартын шаардлага хангасан царгасны 1 кг үрийн үнэ 10-15 мянган төгрөг байна. Энэ нь үнэтэй мэт санагдаж болох юм. Гэвч царгасны 1 га-д тариалах норм үр тарианы ургамалтай  харьцуулахад бараг 10 дахин бага байдгийг, түүнчлэн царгасыг  нэг удаа тариалаад олон жил ашигладаг зэрэг онцлогийг  эрэгцүүлэн бодоорой.  Царгасны үрийг  сонгон авч тариалахдаа түүний зүйл, сортын нэр, гарал үүсэл, хэдэн оны ургац болох, цэвэршилт ба соёололтыг өөрсдөө дээж авч магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар шинжлүүлсэн байх  шаардлагатай. Энэ нь  сүүлийн жилүүдэд Монгол орны үр үйлдвэрлэлийн тогтолцоо, хяналт шалгалт алдагдсаны улмаас хэн дуртай хүн бизнесийн ашиг сонирхлын үүднээс дэлхийн өнцөг булан бүрээс үр оруулж ирэх болжээ. Үүнийг үгүйсгэж болохгүй боловч экологийн өөр өөр нөхцөлд гарсан сортууд нь манай орны байгаль, цаг уурын нөхцлийг даван туулах  чадвар муутай  болохыг  онцгой анхаарвал зохино.   Тарих арга, техник,  суулгах гүн: Царгасыг тэжээлд зориулан  нарийн /15 м/  мөрөөр үрлэнэ. Үүнд олон наст ургамлын үр тариалах зориулалттай  хуучин манай улсад хэрэглэж байсан “САКСОНИЯ-200А”, “СО-4,2”,  “СЛТ-3,6”, “СЗУ-3,6” маркийн, мөн сүүлийн жилүүдэд манай улсад цөөн тоогоор орж ирэн   ашиглагдаж  байгаа нэг удаагийн явалтаар бүхий л үйлдлийг гүйцэтгэдэг маш нарийн тохиргоотой  “Джон-деере”, “Дисковери” мэтийн  өндөр бүтээмжтэй үрлэгчийг хэрэглэж болно. Бага хэмжээний /1-5 га/ талбайд сүүлийн жилүүдэд манай өргөнөөр орж ирэх болсон жижиг оврын тракторыг хэрэглэх боломжтой. Царгасны үрийг 1-2 см-ийн гүнд суулгах хэрэгтэй. Үүнээс гүн суулгавал  үрийн  соёололт эрс багасдгийг онцгой  анхаар.  Усалгаа, бордоо: Царгасны тариалсан талбайг  бордох, услах замаар нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хөрсний чийгийн дутагдлыг нөхөх ашигтай арга бол усалгаа юм. Дэлхийн цаг уурын дулааралттай холбоотойгоор унах тундасны хэмжээ  багасч байгаа өнөөгийн нөхцөлд царгасыг усалгаагүйгээр тариалах нь эрсдэл ихтэй. Иймд аль болох усалгаатай тариалахыг эрхэмлэх  шаардлагатай. Таримал хадланг бороожуулах ба халиах аргаар ургамал ургалтын хугацаанд  говийн бүст 5-6 удаа, ойт хэрийн бүст 2-3 удаа услана. Гэхдээ тухайн таримлыг услах хугацаа, тоо хэмжээ нь өмнөх жилийн хөрсний нөөц чийг, тухайн жилд   унаж байгаа хур тундаснаас их хамаарна. Таримал ургамлыг  услахын хамт био ба эрдэс , шим бордоог боломжийн хэрээр хэрэглэвэл  ургац эрс  нэмэгддэг болохыг анхаар.   Ашиглах арга, хугацаа: Царгас анхны жилдээ намхан ургаж бүрэн гүйцэт биежсэн ургамал болж чадахгүй учир тарьсан жилдээ ашиглахгүй байх нь чухал. Гэвч сортын онцлогоос хамааран тарьсан жилдээ өндөр, өтгөн ургавал ургамлын өсөлт хөгжилт бүрэн зогссоны дараа /есдүгээр сарын сүүлчээр/ хадаж ашиглаж болно. Харин мал бэлчээхийг хориглоно. Усалгаатай нөхцөлд амьдралын хоёр дахь жилээс эхлэн бундуулалтын үе шатанд  эхний хадалтыг хийвэл тухайн талбайгаас жилд хоёр удаа ургац хураах боломжтой. Харин усалгаагүй нөхцөлд цэцэглэлтийн үед нэг удаа хадаж ашиглана. Хүмүүст ойлгомжтой болгох зорилгоор ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд 10 га-д дан царгас бүхий таримал бэлчээр бий болгоход гарах зардал, тэндээс хураасан өвсөөр мал тэжээх үлгэрчилсэн тооцоог үзүүлье.  10 га талбайд царгас тариалахад 13.000.000 төгрөг, нэг га-д 1.300.000 төгрөгийн зардал гарна. Амьдралын хоёр дахь жилээс нь эхлэн 7-10 жил дараалан ургац хурааж болно.  Нэг га-гаас хураан авах ургацын хэмжээ тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцлөөс хамааран өөр өөр байх боловч олон жилийн дундчаар  30-40 ц/га-ийн хооронд байна. Бид 10 га талбайгаас 40 тонн царгасны өвс хураасан нөхцөлд хэдэн толгой малыг ямар хугацаанд тэжээх боломжтойг хүснэгтээс үзнэ үү. Энд нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд, дан ганц царгаснаас бэлтгэсэн өвс байгалийн хадлангийн өвснөөс  2-3 дахин илүү шимт чанартайг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, царгасны нэг кг өвс байгалийн хадлангийн 3-4 кг өвстэй тэнцэнэ гэсэн үг. /Хүснэгт-2/Эндээс харахад 10 га талбайгаас бэлтгэсэн 40 тонн царгасны өвсөөр 350 толгой бог, 50 бод, хонин толгойд шилжүүлснээр  600  толгой малыг 12 дугаар сарын 1-нээс дараа оны тавдугаар сарын 1 хүртэл бүтэн таван сар буюу ногоо ургатал  найдвартай тэжээх боломжтой нь харагдаж байна.Энд тодорхой жишээ дурьдахад, 1987, 1988 онуудад хоёр жил дараалан Увс аймгийн Наранбулаг суманд гуравдугаар ангийн 16 кг хүртэл амьдын жинтэй 1000 хургыг есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1 хүртэл гурван сар царгасны үр хураасан  83 га талбайд бэлчээсэн юм. Ингэхэд зүй бусын хоргодол гараагүйн дээр нэг хурганы амьдын жин гурван сарын хугацаанд 10 кг-аар  нэмэгдэж нядлахын өмнө  26 кг болов. Гэтэл царгасны талбайд ороогүй ижилхэн тооны хурганы зүй бусын хорогдол 15-20 хувь, амьдын жингийн нэмэгдэл 4-5 кг байв.   Царгас тариалах нь ямар давуу талтай вэ?-Царгасыг таримал хадлан бэлчээрт зориулан нэг удаа тариалаад олон жил дараалан ашиглана.-Царгас тариалснаар  жилд хоёр удаа хадаж  өвс бэлтгэж болно.-Царгас бүхий  таримал хадлан, бэлчээрийн нэгж талбайн ургац болон шимт чанар байгалийн хадлангийнхаас олон дахин илүү байдаг. -Царгас тариалсан талбайн хөрсний үржил шим жилээс жилд нэмэгдэж байдаг онцлогтой.
 
Дараах >
Template
Template Template Template
 

Холбоотой мэдээлэл

Сонин дугаараар

Улаанбаатарт цаг агаар

Template
Хаяг: Улаанбаатар 211137. Монгол Улс. ШХ: 37/247. Утас: 632125. 631741; Факс: 976-11-632125
Template