Template
Template Template
Template Friday, 24 May 2013 Template

Улаанбаатарт

 
Template
СЭЛЭНГЭ НУТАГ PDF Хэвлэ Имэйл
Бичсэн: Nyamaa   
Sunday, 26 April 2009
СЭЛЭНГЭ НУТАГ БЭЛЧЭЭРИЙН МАЛД “ХААЛГАА БАРИЛАА”

-Нэгэнт л Сэлэнгэ аймгийг газар тариалан, МАА-н эрчимжсэн бүс нутаг болгох учир бусад аймгаас бэлчээрийн мал тууварлан нүүж ирэхгүй байхыг уриалсан байна

-Сэлэнгэчүүд гурван жилийн дотор бэлчээрийн малын тоог даруй 50 хувь цөөлөх гэнэ

 Сэлэнгэ бол том үйлдвэрлэгч. Газар тариалангийн гол бүс нутаг. Улсын нийт үр тарианы 65, төмсний 38,4, хүнсний ногооны 37,2 хувийг дангаараа үйлдвэрлэж байгаа аймаг. Тийм ч учир Засгийн газар зориуд анхаарч, Сэлэнгийг бүхэлд нь эрчимжсэн МАА, газар тариалан хослон хөгжүүлэх бүс нутаг болгохоор хуулийн төсөл санаачилж байна. Тэгэхээс аргагүй нөхцөл байдал нэгэнт үүсчээ. Юу гэвэл, Сэлэнгэд жилийн жилд л малчид, тариаланчдын хэрүүл маргаан тасардаггүй. Зарим нэгний шоглож хэлснээр, тус аймгийн төр, захиргааны байгууллага энэ хэрүүлийг салгах “үндсэн ажил”-тай болчихсон гэж байгаа. Тариаланчид талбайд мал орууллаа гэнэ. Малчид болохоор “Мал төрийн хамгаалалтад байна” гэж Үндсэн хуульд заасан шүү, нөхөр минь гээд хэгжүүрхэнэ. Нэгэнт л мал бол мал хойно, түүнийг тариа ногоо идлээ гэж буруутгах утгагүй. Харж хандаагүй эзэдтэй нь л тулдаг бололтой юм. Өөр яах ч билээ. Ганцхан жишээ хэлэхэд, Сэлэнгийн өнгөрсөн оны ургацын 15 хувь буюу 23,000 тонн үр тариаг мал идсэн байна. Ийм хэмжээгээр бидний идэх гурил малын гэдсэнд боловсорсон гэсэн үг. Тиймээс Засгийн газар энэ нутгийг газар тариалангийн бүс нутаг болгох нь зөв гэж үзэж байна. Стратегийн чухал бүтээгдэхүүн, хүн амын хүнсний хэрэгцээний гол нэр төрөл улаанбуудайгаар хүнээ биш малаа тэжээгээд байхгүйн тулд тэнд ямар нэг зохицуулалт хийх хэрэгтэй болжээ. Нэгэнт л хууль эрх зүйн орчин бүрдвэл Сэлэнгийн бүс нутагт бэлчээрийн бус эрчимжсэн, фермерийн МАА байх юм. Ингэснээр талбайд мал орлоо гэх хэрүүл тасрана. Хамгийн чухал нь талхлагдаж, сүйдэхдээ тулаад байгаа бэлчээр сэргэж, тариаланчид маань үр тариагаа сэтгэл амар тарьж ургуулах боломжтой болно. Аймгийн эдийн засгийн хөгжил хурдасч, сэлэнгэчүүдийн амьдрал урьд урьдынхаасаа сайжрах гэнэ.Аймгийн Засаг дарга Ж.Эрдэнбатын хэлснээр, Сэлэнгэ аймгийн мал 1,5 сая толгой болж, 1990 оныхоос 2,8 дахин буюу 281,2 хувиар өссөн аж. Энэ нь сэлэнгэчүүдийг бэлчээргүй, тариагүй болоход хүргэж магадгүй гэнэ. Малын өсөлтийн 70 хувь нь дан ямааны өсөлт гэсэн. Сэлэнгэд уг нь 700.000 толгой мал л бэлчих бэлчээрийн даацтай. Гэтэл өнөөдөр бэлчээрийн даац хоёр дахин хэтэрсэн байгаа биз. Хамгийн гол нь Сэлэнгэ аймгийн мал сүргийн 50 хувийг гаднаас нүүдэллэн ирсэн иргэдийн мал эзэлж байгаа гэвэл яахав. Тиймээс Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ИТХ-аас бусад аймгийн төр, захиргааны байгууллага, иргэдэд хандаж бэлчээрийн мал тууварлан энэ бүс нутагт нүүж ирэхгүй байхыг уриалсан байна.  Сэлэнгэчүүд цаашид улсын үр тарианы дийлэнхи хувийг үйлдвэрлэсэн хэвээр байх нь ойлгомжтой. Тиймээс ийм зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай байсан бололтой. Сэлэнгэчүүд ийн бэлчээрийн малд “хаалгаа барьсан”-аар аль болох ашиг шим өндөртэй, цөөн тооны малтай болох нь. Сүү, махны үхрийн аж ахуй, үржлийн төв, махны болон нарийн ноосны чиглэлээр үржүүлэх хонь, гахай, шувуу, туулайн аж ахуйг хөгжүүлэх ёстой гэнэ. Ер нь Сэлэнгийг газар тариалан, эрчимжсэн МАА-н бүс нутаг болгох нь ганц энэ аймгийн асуудал биш. Хүн амын хүнсий хангамжтай холбоотой яриа. Сэлэнгэ бол бага газар нутагтай ч хамгийн их ач холбогдолтой аймаг. Газар тариалангийн үйлдвэрлэлийн ихэнхи хувийг ганцаараа үйлдвэрлэдэг гэдэг утгаараа Сэлэнгийн нэг га газар бусад аймгуудын га газраас хавьгүй үнэтэй. Ямар ч байсан энэ аймгийн нутаг дэвсгэрийг бүхэлд нь “Эрчимжсэн МАА, газар тариалан хослон хөгжүүлэх бүс нутаг” болгох нь тодорхой болж. Сэлэнгэчүүд гурван жилийн дотор бэлчээрийн малын тоог одоо байгаагаас нь даруй 50 хувь цөөлөх юм байна. “Монгол фермер” сонины сурвалжлах хэсэг Сэлэнгэ аймгийн Ерөө, Жавхлант, Хүдэр сумдад ажилласан тэмдэглэлийг дор хүргэе. Дашрамд дурьдахад, энэ гурван сум нэг бүтэцтэй байж байгаад хожим нь салжээ.Сэлэнгэ аймаг үржил шимт газар шороо, унаган сайхан байгаль шигээ хүмүүсийн сэтгэлийг соронздон татдагХуучнаар Баянхараатын САА буюу одоогийн Сэлэнгэ аймгийн Жавхлант сум. Анх 1976 онд Ерөө сумаас тасарч байсан юм билээ. Тэр үед улсын хэмжээнд 10 аж ахуйн нэгж шинээр байгуулж  “Атрын II аян”-ыг эхлүүлж байсан түүхтэй. Тэдгээр аж ахуйн нэг нь Баянхараатын САА.  Одоо тэрхүү САА-н суурин дээр бий болсон Жавхлант сум 17.350 га эргэлтийн талбайтай. Энэ жил 6000 га-д тариалж, 9000 га-д уринш хийнэ гэсэн. Жавхлант суманд 250 малчин өрх байна. 1000 гаруй малтай найман өрх, 700-800 малтай нь 60-аад өрх байгаа бол 300 малтай нь дундач. Арав хүрэхгүй малтай ядуу өрх ч бий гэсэн. Улсын сайн малчин хоёртой. Нэг нь Намхайн Цэвээндорж. Энэ хүн Увсаас 1983 онд илгээлтээр ирж байж. 10 гаруй жил ядуу өрхийг малжуулж, 600 мал бусдад өгч буян болсон нэгэн. 15 үнээний зогсоолтой битүү дулаан байр барьсан. Тэр нь хагас суурин маллагаатай гэж байгаа. Мөн Дугар гэж Улсын сайн малчин бий. Дугар гуай 60 настайдаа тэтгэвэрт гараад мал маллаж эхэлсэн хүн. Тэгсэн хэрнээ ийм алдар хүндэд хүрсэн байна. Тэднийх Дарханы наахна 30 үнээний зогсоолтой битүү дулаан байр барьсан байна билээ. Эрчимжсэн МАА эрхэлж эрхэлж байгаа юм гэсэн.  Түүнчлэн Ерөө голд, М.Цолмон гэж залуу 24 үнээний байр барьсан аж. Сэлэнгэ аймагт ямар ч байсан эрчимжсэн МАА-н эхлэл тавигдаж, энд тэнд фермерийн аж ахуй бий болоод л байна. Харин сайн чанарын, өндөр ашиг шимт үнээ малын олдоц ховор, яаж авахаа ч мэдэхгүй байна гэх үг яриатай хүмүүс нэлээд таарч байсан. Байр сав, малчид нь байж байдаг. Харин эрчимжсэн мал нь байдаггүй. Нэг ийм бэрхшээл ч гэх үү тал ажиглагдсан. Нутгийнхны ярихаар мал сүргээ эрчимжүүлэхдээ Хятадаас үнээ авахыг нэг их шамдахгүй байгаа юм байна. Бэлчээр ус таарахгүй гэх тайлбарыг хэлж байсан. Ер нь Сэлэнгэ нутагт өөр бусад аймгаас шилжин ирж суурьшигчид их юм. Хаана, хэнтэй л таарна бараг заавал өөр аймгийнх байхыг яана. Тэгэхээр энэ нутаг үржил шимт газар шороо, унаган сайхан байгаль шигээ хүмүүсийн сэтгэлийг соронздон татдаг байх нь. Шилжин ирж суурьсан олон олон мянган иргэдийн нэг нь Жигжидийн Алтангэрэл. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас 1971 онд Ерөөгийн САА-д илгээлтээр ирж байжээ. Одоо Баруунхараатдаа ажиллаж, амьдарч байна.  -Манайх энэ нутагт нүүж ирэхэд би зургаан настай л байсан байх. Тэгээд л эндээ өсч өндийсэн дөө. Төрсөн нутаг шигээ л санадаг. Энэ нутагт Ерөө үүлдрийн 1000 гаруй хонь суурилдаг байсан. Бид тэр хонийг малладаг байлаа. Ээжийг минь Жавзансүрэн гэдэг. Эхээсээ наймуулаа. Би дөрөв дэх нь. Зургаан  хүүхэдтэй. Амьдрал  дажгүй, болгож л байна гэж Ж.Алтангэрэл хэлэв. Түүний гэргийг Ундармаа гэдэг бөгөөд бас л “харь” нутгийн хүн.  Ундармаа Дорнодын Халх гол, Сүмбэрт цахилгаан станцад ажиллаж байгаад цомхтголоор ажлаас гарсан. Батзориг гээд төрсөн ах нь түүнийг Сэлэнгэ сайхан нутаг, Жавхлант суманд урьсан юм байна. -Би 1999 онд шилжиж ирсэн. Аав минь Зоригт гэж хүн байлаа. 1960-аад онд Улсын их дэлгүүрт нягтлан байсан. 1968 оны үед юм уу даа, Дорнодын Худалдааны байгууллагад ажиллаж байсан. 1970-аад онд Дорнод аймгийн Баяндун суманд нягтлан гээд явсан л даа.  Манай зургаан хүүхдийн том нь дээд сургуульд, удаахь нь ТМС-ийн үсчин, гоо сайхны анги төгссөн. Хотод энэ чиглэлээрээ ажиллаж байгаа. Бид хоёр одоо гурван бага хүүхэдтэйгээ амьдарч байна гэж Ундармаа хэлнэ билээ. Тэрээр Дорнодын буриад учир талх барих, цөцгий цохих аргыг сэлэнгэчүүдэд “нэвтрүүлжээ”. Анхлан түүний ах Батзориг хавь ойрд нь цөцгий цохино гэж мэдэхгүй байхад Улаан-Үүдээс цөцгий цохих машин авчирч байсан нь саяхан гэнэ. Харин одоо энэ нутгийнхан нэлэнхүйдээ ийм үйлдвэрлэл хийж чаддаг болжээ.Ж.Алтангэрэлийнх Ерөө голынхоо сав дагуу нэг га орчим газар лууван голцуу тарьдаг гэсэн. Гайгүй ургацтай жил 10 тонн орчмыг авчихна. Зоорь бий гэнэ билээ. -Өнгөрсөн жил кг лууван 700 орчим төгрөг байсан. Зарим жил үнэ унадаг. 100 төгрөг хүрэхгүй үе ч бий. Гэвч бид энэ жил тарина даа. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлмээр байгаа юм. Манай суманд ногоо даршлах тоног төхөөрөмж оруулж ирсэн сураг дуулдаж л байсан. Яг суурилуулсан нь хараахан болоогүй шиг билээ. Талхны цех байгуулна гээд хүн явж байна л гэж дуулддаг. Ер нь бид чинь ажилтай л байвал болчихно шүү дээ гэж гэрийн эзэн өгүүлж байна.  Иргэд эрчимжсэн, хагас суурин болон суурин МАА эрхлэхээс өөр сонголтгүй болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байнаЖаргалант сумын зоотехникч Санжаагийн Ичинхорлоотой уулзав. Тэрээр мэргэжлээрээ 32 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Алтанбулаг сумын ХАА-н техникумыг бага эмч, ХААИС-ийг зоотехникч мэргэжлээр төгссөн. Алтанбулаг, Шаамар, Баянхараат гээд гурван ч газар ажилласан туршлагатай аж. -Социализмын гэх үед МАА-н үйлдвэрлэл эдийн засгийн үндсийн үндэс гэдэг байлаа. Тиймээс ч МАА-д их анхаарал тавьдаг байсан. Би Алтанбулагт байсан 200 үнээний үржлийн саалийн механикжсан фермд “зоо” хийж байлаа. Харамсалтай нь одоо тэр ферм маань байхгүй. Хэдэн үхрийг нь Төв аймаг руу тууж явсан сурагтай гэж С.Ичинхорлоо өгүүлнэ. Тэрээр Шаамрын тэжээлийн аж ахуйд ерөнхий зоотехникч байхдаа мах, ноосны хэвшлийн “Беландерс” шинэ үүлдрийн хонь бий болгох эрдэм шинжилгээний ажилд ажиллаж байсан юм байна. -Сэлэнгэ үүлдрийн үхэр, Ерөө, Хангай хонины авторууд манайд байсан. Сэлэнгэ бол эрчимжсэн МАА-н суурийг тавьсан аймаг шүү. Зарим газраа үнээ гэхэд л амьдын жингээрээ 750 кг татаж байна. Цөөхөн ч гэсэн ийм мал байна. Казахын цагаан толгойт, Сэлэнгэ үүлдрийн, семинталь, алатау үүлдэр холилдсон байх шиг байна. Хар тарлан авчраад энэ нутагт жаахан зохицохгүй байх шиг. Хүйтдээд байгаа юм уу, тэжээл нь таарахгүй байна уу, жаахан тиймхэн. Би МАХН-ын Улстөрийн товчооны гишүүн Бугын Дэжид гуайд 1988 онд ажлаа шалгуулж байлаа. Манайхан тааруу дүн авч байгаагүй дээ. Бидний үеэс ХХААХҮЯ-нд Алтангэрэл байна. Бусад нь тэтгэвэрт гарах нь гарчээ. Сэлэнгэ аймгийн ХАА-н газарт бол байна аа. Эрчимжсэн МАА хариуцсан хэлтсийн дарга Э.Мягмарсүрэн байна. Энхтуяа, Отгонцэцэг, Дуламжав гээд хүмүүс байна даа гэж тэрээр дурсана. С.Ичинхорлоо дөрвөн хүүхэдтэй. Нэг нь оюутан. Гурав нь тусдаа гарсан юм билээ. -Сэлэнгэ аймаг эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс болно гэж шийдвэрлэсэн. Суман дээр малчдын зөвлөгөөн хийсэн. Ямаагаа цөөрүүлэх, эрчимжүүлэх, баруун аймгийн нүүдэл оруулахгүй байх гээд ярьсан. Аймагт хүртэл зөвлөгөөн зохион байгуулсан шүү. Манай суманд гэхэд л нийт малын 48.6 хувийг ямаа эзэлж байна. Харин энэ жилээс үхэр үржүүлж эхэлсэн. Ер нь газар тариалангийн бүс нутагт бэлчээрийн мал зохихгүй юм билээ. Тариаланчид хөрсөө хамгаалах гэж сүрэл хэрчээд талбайдаа цацчихдаг. Гэтэл мал тэр сүрлийг нь түүгээд идчихээр ямар хэрэг байх вэ дээ. Мөн тариаланчид уринш хийнэ. Гэвч мал тэр  талбайг нь туучаад дагтаршуулчихдаг. Ургац тааруу авах үндэс болчихож байгаа юм гэж тэрээр санаа оноогоо хэлнэ.Ер нь орон нутагт явж байхад хүмүүс Сэлэнгэ аймгийн бэлчээрийн малын тоо толгойг ойрын гурван жилийн дотор одоо байгаагаас даруй тал хувь цөөрүүлэхийн тулд мал, мах бэлтгэж эргэлтэд оруулах, эрчимжсэн, хагас суурин болон суурин МАА эрхлэхээс өөр сонголтгүй болчихсон гэдгийг хүлээн зөвшөөрч байлаа.  Эрчимжсэн МАА-г хөгжүүлэхийн зэрэгцээ тэжээлийн ургамал илүүтэй тариалмаар байна гэх хүн ч таарч байсан. Жаргалантынхан эрдэнэшиш тарьдаг. Халгайгаар дарш бэлтгэдэг. Тэжээл үйлдвэрлэл бага ч гэсэн байдаг юм байна. Харин одоо царгас мэтийн тэжээлийн ургамал тариалах сонирхолтой байгаа нь ажиглагдсан.Жавхлантчууд бас хүнсний ногоо их тариална. Нийт 150 гаруй өрх 180 орчим га газарт төмс, хүнсний ногоо тарьж, зах зээлд зарж борлуулан амьжиргаагаа залгуулж байгаа гэнэ билээ. Ер нь сумын төвийнхөн хавар гараад л намар бууж ирдэг юм гэсэн. Орон нутгийн малчид, тариаланчид “Монгол фермер” сонины нийтлэлд талархалтай явдгаа илэрхийлж байсан. Бусдыгаа уриалж, энэхүү сонинг захиалан уншина гэдгээ ч хэлж байлаа.Хүдэр сумын өрхийн аж ахуйтнууд хүчээ авч эхэлжээСэлэнгэ аймгийн Хүдэр сум. Мөн л Ерөө сумаас тасарсан. Өмнө нь Ерөөгийн САА-н III тасаг гэж байжээ. Энэ сум эргэлтийн 9500 га талбайтай. Үр тарианы үйлдвэрлэл эрхэлж буй таван аж ахуйн нэгж, төмс, хүнсний ногоо тариалдаг хоёр хоршоо, 200 гаруй өрхтэй гэнэ. Өнгөрсөн жил эднийхэн 90 га-д төмс, 28 га-д хүнсний ногоо тариалжээ. Га-гаас дундчаар 115-135 цн ургац авдаг. Жилдээ 10.000 тонн хадлан тэжээл бэлтгэдэг. 2000 гаруй хүн амтай сум юм байна. Уг нь наяад онд Хүдэрийн тэжээлийн аж ахуй гэж байж. Жилдээ 35.000 тонн хадлан бэлтгэж улсын фондод тушаадаг байв. Гэвч Ерөөгийн III тасаг буюу САА нь 1982 оноос газар тариалангийн талбайгаа нэмэгдүүлж, үр тарианы хоёр салаа, нэг бригадтай, 9500 га эргэлтийн талбай ашиглаж эхэлснээр хадлангийн хэмжээ буурсан аж. Өрхийн аж ахуйд 2000 оноос л төмс, хүнсний ногоо тариалж эхэлжээ. Голдуу төмс тариалж байна. Хавар орой дулаарч, намар эрт хүйтэрдэг учир дулаанд дуртай таримал жаахан төвөгтэй. Гэхдээ үндсэн таван төрлийн хүнсний ногоо тариад боломжийн ургац авчихдаг гэнэ билээ. Мөнх цэвдэгтэй учир яагаа ч үгүй хяруу унах эрсдэл байдаг ч сүүлийн үед ес, аравдугаар сардаа харьцангуй дулаарч байгаа учир төмс, хүнсний ногооны болц гүйцэхгүй гэх үг хэл гарах нь гайгүй болсон юм байх. -Төмс, хүнсний ногооны талбай бага. Сүүлийн дөрвөн жилд өрхийн аж ахуйд төмс, хүнсний ногоо тариалахыг дэмжсэн бодлого барьснаар одоо төмс, хүнсний ногооны талбай харьцангуй нэмэгдэж байна. Иргэд маань ч шинээр тариалж байна. Услах боломжтой, голын булан тохойд тарьчихаад л байна шүү гэж Хүдэр сумын Засаг дарга Б.Энхтөр хэлэв. Тэрээр залуу хүн, өөдрөг, эрч хүчтэй ярьж байсан. Засаг дарга Б.Энхтөр мөрийн хөтөлбөртөө бодит ажил хийж гүйцэтгэнэ гэж оруулснаа онцолж байсан. Тэрээр “Монгол фермер” коллежтой хамтран ажиллах боломж байгааг үгүйсгээгүй. Хүдэр сум уг сургуульд хүмүүсээ сургаж болно. “Монгол фермер” коллежийн туслах аж ахуйг Хүдэрийн нутагт байгуулж болно гэх санааг Хүдэр сумын Засаг дарга Б.Энхтөр, “Монгол фермер” коллежийн захирал доктор Б.Сүхээ нар харилцан ярилцаж, санал солилцсон.Засаг дарга Б.Энхтөрийн хэтийн санаа нь өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй болох юм байна.-Хот суурин газрынхан “Хүдэрийн төмс сайхан” гэдэг. Хүмүүс авч идээд байдаг. Брэнд бий болгож, түүгээрээ явах хэрэгтэй юм байна. Манай Хүдэрт байгалийн дагалдах баялаг их. Эмийн ургамал их бий. Чихэр өвс, цайны ургамал гээд юу эс байх вэ. Хэдэн өрх нийлээд ч байдаг уу байгалийн дагалдах баялгаа ашигладаг, адаглаад жижгээр савалсан цай хийчихдэг байж болох юм. Би хүмүүстээ боломж л гарвал хэлж байдаг. Эрчимжсэн МАА-гаас гадна тахиа, туулайтай бол. Үйлдвэрлэгч болцгооё гэж. Бид ямар ч үед өлсөхгүй, цаашлаад амьдрал ахуйгаа одоогийнхоос улам бүр сайжруулахыг зорьж байгаа. Тэгэх ч ёстой гэж тэрээр хэлнэ билээ. Хүдэр сумын ЗДТГ-ын Хүнс, ХАА-н мэргэжилтэн Төмөрбатын Баасандоржтой бид уулзлаа. Тэрээр Баянхонгорын Өлзийт сумын гаралтай гэж байгаа. Өөрөө энэ нутагт төрсөн. ХААИС-ийг агрономич мэргэжлээр 1982 онд төгссөн юм байна. Т.Баасандорж  аймгийн Засаг дарга байсан Ж.Баярмагнайтай нэг анги, нэг нутаг, нэг төгсөлт гэж онцлоод түүний өрхийн аж ахуйг Сэлэнгэ аймгийн брэнд болгоно гэж тодорхойлсныг их талархалтай хүлээн авч байснаа дурсав. Ямар ч байсан өрх бүр үйлдвэрлэгч байх бодлого хэрэгжсэнээр Сэлэнгэ аймагт өрхийн үйлдвэрлэл гурав дахин өссөн гэнэ. “Бид хүрсэн үр дүнгээ улам баталгаажуулж явах ёстой. Манай суманд гэхэд өмнө нь хүнсний ногооны чиглэлээр 67 га газрыг өрхийн аж ахуйтанд олгож байсан бол өнгөрсөн жил 103 га талбайг шинээр нэмж олгосон” гэж Т.Баасандорж хэлэв. Хүдэр суманд Буяндалайн Нямаа, Даваажавын Зинаа, Энхээ, Б.Баттулга гээд сайн ногоочид бий гэнэ. Тэд бүгд л Сумын аварга ногоочид юм байна. Энэ хүмүүс зарим нь хоёр ч удаа аварга болсон гэнэ билээ. Ногоочин Д.Зинаа гэхэд хүүхдүүдтэйгээ нийлээд найман га газартай. Төмс голдуу, нарийн ногоо ес дэх жилдээ тариалж байгаа юм байна. “Би 2000 онд ганц ч хүн газар аваагүй байхад анхлан дөрвөн га газар авч тарьж байлаа. Энэ жил бүх га-даа тарина. Техниктэй ч болж байгаа” гэж Д.Зинаа урамтай өгүүлж байсан. Тэгвэл ногоочин Б.Баттулга 17 жил ногоо тарьчихаж. Наймдугаар анги төгсөөд л талбайд гарсан байна. Хажуугаар нь хоёр айлын 90 орчим үхэр хариуцан малладаг гэнэ билээ. Хоёр га газар төмс, хүнсний ногоо тарьчихдаг. Жилд Сэлэнгэ үүлдрийн үхрээсээ 7-8 толгойг борлуулж дөрвөн сая, төмс, хүнсний ногоогоо зарж хоёр сая төгрөг олдог тухайгаа бидэнд сонирхуулан хэлж байсан. Болж л байна. Мөн Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас энэ нутаг шилжин суурьшсан Халтар хэлэхдээ, Хүдэрт ирээд 33 жил болж байна гэв. Найман хүүхэдтэй. Арван ч ач, зээтэй болсон гэнэ. “Таван хүүхэд тусдаа гарсан. Бүгд Хүдэр сумандаа амьдарч байна. Би 10 га газартай. Төмс, хүнсний ногоо тарьдаг. Өмнө нь тариа ургуулж байсан. Манай Хүдэр сайхан нутаг шүү. Га-гаас 10-15 цн ургац авна. Наяад онд 25-30 цн авч байсан үе ч бий” гэж тэрээр хэлсэн.Хоролын Галсан ч бас ногоочин. Говь-Алтай аймгийн уугуул гэнэ билээ. 2000 оноос аж ахуй эрхэлсэн. Хувийн компани хүртэл байгуулан үр тариа ургуулдаг байсан тухайгаа тэрээр ярив.-Бид га-гаас 20 цн, доод тал нь 7-8 цн ургац хураадаг байсан. Нийт 60 га-д тарьдаг байв. Хамгийн өндөр ургацаа 2002 онд авч байлаа. Газар тариалангийн үйлдвэрлэл нэг ашгаа өгөхөөр сайн өгнө шүү. Харин 2005 оноос ургац алдаж эхэлсэн. Ган гачиг их болсон шүү дээ. Банкны зээлийг газарт булж, зээлэндээ унаад үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ жилээс төмс, хүнсний ногоо тариална гэж бодож байгаа. Одоо надад буриад сортын үр хоёр тонн байна. Нэг га-д л тарих болов уу. Шаардлагатай техникүүд ч бий. Нэмж үр олоод таван га газар тариалчих байх гэж Х.Галсан хэлнэ билээ.Хүдэр суманд таримал тэжээлийн тариалан одоогоор хараахан хөгжөөгүй аж. Эрчимжсэн аж ахуйн суурийн суурь бол тэжээл. Газар тариалангийн эргэлтийн талбай бага байсан, аж ахуйн нэгжүүд талбайгаа гүйцэд ашиглаж чадахгүйгээс эдийн засгийн хүндрэлд орсон үе байсан юм байна. Гэсэн ч “Атрын III аян”-ы хүрээнд тодорхой дэмжлэг аваад байдал сайжирч байгаа тухай орон нутгийн удирдлагууд хэлж байсан. Хүдэрчүүд өнгөрсөн жил тариалангийн талбайнхаа 93 хувийг ашигласан бол энэ жил 100 хувь ашиглах боломжтой болж байгаа гэнэ лээ. Нэг хэсэг тасалдаад байсан лимузин үүлдрийн махны хэвшлийн үхэр үржүүлэх ажил эргэн сэргэвСэлэнгэ аймгийн Хүдэр сумын Мал эмнэлэг, үржлийн албаны улсын байцаагч Готовын Мөнхбаатартай уулзав. Тэрээр Завхан аймгийн Цэцэн-Уулын хүн. Гуравдугаар ангид байхдаа л Хүдэрт ирсэн аж. -Аав минь түүхий эдийн эрхлэгч, ээж сургуулийн үйлчлэгч ажилтай байсан. Бид наймуулаа. Би тав дахь хүүхэд нь. Хүдэр сумын найман жилийг 1985 онд төгсөөд 1988 онд Алтанбулагийн техникум, 2004 онд ХААИС-ийг Мал зүйч мэргэжлээр дүүргэсэн. 1988 оноос хувийн хэвшилд, 2000 оноос Хүдэр сумын Тамгын газарт ажиллаж байна гэж тэрээр өгүүлэв.Хүдэр сум 25.000 толгой малтай. Дийлэнхи нь үхэр сүрэг. 1988 онд Унгарын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар махны чиглэлийн лимузин үүлдрийн үхрийн хээлтүүлгийг зохион байгуулж байжээ. Ингэхдээ Халх голын мухар улаан 300 гунж авчирч бодлогоор дараа жил нь зохиомол хээлтүүлэг хийж байсан юм байна. Яагаад гэвэл Хүдэр сум үхэр сүрэг өсгөх тохиромжтой бэлчээртэй гэж тэр үед бодлогоор дэмжиж байжээ. Г.Мөнхбаатар лимузин үүлдрийн үхэр бий болгох ажилд гар бие оролцож байсан тухайгаа дурссан.Энэ цагаас хойш 1992 он хүртэл энэ ажил үргэлжилж байжээ. Гэвч лимузин үүлдрийн эрлийзийн гурав дахь үе дээр бүх ажил зогссон юм байна. Азаар одоо эргээд сэргэсэн. Лимузин үхрийн маллагаагаар эрдмийн зэрэг хамгаалсан МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Зоригтбаатар гэдэг хүн ерөнхийд нь удирдаад, 2005 оны зургадугаар сараас лимузингийн гүн хөлдөөсөн үрийг нутгийн үхэрт суулгаж, зохиомол хээлтүүлэг хийсэн байна. Энэ ажилд Хүдэр сумын Засаг дарга ч их тусалсан гэнэ билээ. “Ургац хүдэр”ХХК-ийн Сэлэнгэ үүлдрийн үхэр сүрэгт тулгуурлан хийж байгаа үр, хөврөл шилжүүлэн суулгах ажлын дүнд гурав дахь жилдээ. 57 орчим эрлийз тугалтай болжээ. Тугалаас гадна лимузингийн эрлийз  өсвөр насны 36 үхэр бий гэнэ. Лимузин үхрийн онцлог шинж гэвэл махны гарц илүү. Бие бялдар томтой. Цул махлаг биетэй. Унгарын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байсан тэртээ 1988 онд “Мөлгөр улаан” гэж лимузингийн эрлийз анхны төл шар үхрийг хиллэхэд амьдын жин нь1,2 тонн татаж байсан гэнэ. Харин Дарханы махкомбинатад нядлахад гулуузын жин нь 800-950 кг байсан тухай Хүдэр сумын Мал эмнэлэг, үржлийн албаны улсын байцаагч Готовын Мөнхбаатар  хэлж байна. Харин одоо авч байгаа лимузин үхрийн эрлийз тугал долоо хоногтоо 24-28 кг жинтэй. Нутгийн үүлдрийн тугалаас 3-5 кг илүү жинтэй, биерхүү, лагс байгаа гэнэ. Халтар хоншоортой, ягаандуу зүсмийн, бяруу, тугаландаа цулцгар, махлаг харагддаг. Нас гүйцэхээрээ тэгш, дөрвөлжин, гуя, булчинлаг махны хавиар цулцгар зэрэг онцлогтой гэсэн.  Хүдрийнхэн энэ мэт эрчимжсэн МАА эрхэлж, биотехнологийг боломжийн хэмжээнд ашиглаж байгаа нь олзуурхууштай.  Соронзон хад мөхлийн ирмэгт ирсэн гэв үү?Лхагваагийн Мөнхбат. Хөвсгөл аймгийн Тариалан сумын хүн. Тракторын жолооч. 17 жил Хүдэр суманд амьдарч байна. Тэрээр “Хүдэр гол” хөдөлгөөний хяналтын албаны гишүүн аж. Энэ нутагт байх Соронзон хад хэмээх эмчилгээний хосгүй увидастай гэдэг байгалийн үзэсгэлэнт газрын ойр орчмыг “Эрдэс” хэмээх компани ухаж сэндийлээд, Соронзон хад юу юугүй нурахдаа тулаад байгаа гэж Л.Мөнхбат бидэнд ярив. Тэрээр байгалийн баялгаа хойч үедээ өвлүүлэлгүй, одоо яаран бан цунгаар нь авч ашиглах гээд байгааг эсэргүүцэж байна гэв. Хөл гар муудсан, даралт харвасан хүн ирж Соронзон хадан дээр хэвтэж илааширдаг гэж нутгийнхан төдийгүй холын гийчид ч ер салдаггүй. Энэ хавийн газар нутаг социализмын гэх үед орон нутгийн тусгай хамгаалалтад байсан боловч харин одоо тиймгүй бололтой. Соронзон хаданд тэнгэр дуугарахаас өмнө хэвтэх учиртай юм байна. Тэгэхгүй бол аюултай гэж домоглодог гэнэ. Хятадууд Соронзон хадны орой дээр, 2006 онд өрөмдлөг хийж байсан ч удалгүй больсон. Харин одоо уул уурхайн компани юу юугүй ухаж сэндийлээд эхэлсэн учир байгалийн энэхүү арин дагшин газраа аварч үлдье хэмээн хэсэг нөхдийн хамт хөдөлгөөн байгуулан тэмцэж эхэлсэн гэж тэрээр нэмж хэлнэ билээ. -Манай ам бүл тавуулаа. Би малчдаас үнэ тохирч мал худалдаж авдаг. Махны чиглэлийн үхэр үржүүлэх, тэгэхийн тулд тэжээл тарих ёстой. Суманд махны нөөц бүрдүүл гэж яагаад мөнгө хуваарилж болдоггүй юм. Хөдөөгийн улс гээд хот суурин газрынхаас үнэтэй идэх ёстой гэж үү. Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг улс даах нь буруу. Хүүхдийн мөнгийг хасах биш нэмэх ёстой. Хөдөөгийн иргэд хүүхдийн мөнгөөр л амьдарч байгаа шүү. Хөдөөд хямрал байхгүй. Баян нь баянаараа, ядуу нь ядуугаараа л байгаа. Ногоогоо тариад явчихна. Ажилтай хүн бол хэзээ ч хямрахгүй. Адаглаад загас жараахайгаа бариад идчихнэ. Төр өөрөө хямраад байгаа юм. Намаараа талцана. Аль ч намын хүн байсан эв зүйтэй л ажиллах ёстой хэмээн тэрээр иргэнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн.
 
< Өмнөх   Дараах >
Template
Template Template Template
 

Холбоотой мэдээлэл

Сонин дугаараар

Улаанбаатарт цаг агаар

Template
Хаяг: Улаанбаатар 211137. Монгол Улс. ШХ: 37/247. Утас: 632125. 631741; Факс: 976-11-632125
Template